
Хүний хүдний бүтэц
Cornea - эвэрлэг бүрхэвч (хүүхэн харааны өмнөх тунгалаг бүрхүүл)
Iris - солонгон бүрхэвч (хүүхэн харааг хүрээлсэн нүдний өнгийг тодорхойлдог хэсэг)
Lens - болор (линз)
Retina - торлог бүрхэвч
Macula - шар толбо Retinal blood vessels - торлог бүрхэвчийн цусны судаснууд
Хүний нүдний гэрэл мэдрэгч эсүүд 384-768нанометр урттай гэрлийг мэдэрч чадах бөгөөд үүнээс урт болон богино долгионы урттай гэрлийг бид харж чадахгүй. Савханцар гэдэг эс бол маш сул гэрлийг мэдрэхэд зориулагдсан, хүний харааны мужид (дээр дурдсан 384-768нм) байгаа гэрлийг мэдэрч чаддаг. Гэтэл лонхонцор эс бол нилээн хүчтэй гэрлийг мэдэрдэг, дотроо бас 3 төрлийн лонхонцор байдаг. 1-р төрлийн лонхонцор эсүүд 560нм орчим урттай гэрлийг хамгийн сайн мэдрэх бөгөөд хоёр тийшээгээ (үүнээс урт ба богино тал руугаа гэсэн үг) мэдрэх чадвар нь буурдаг. 2-р төрлийнх нь үзэгдэх гэрлийн мужийн нилээн гол хэсэгт нь 530нм хавьцаа сайн мэдэрдэг бол 3-р төрлийн эс нь 420нм орчимд сайн мэдэрдэг байх нь. Энэ гурван эсийг улаан, ногоон, хөх гэсэн 3 өнгөнд харгалзуулдаг. Жишээ нь улаан (үүнээс хойш 1-р төрөл гэхгүйгээр шууд “улаан” гэж байя) лонхонцор эсийн сайн мэдэрдэг боловч бусдынх нь бараг мэдэрдэггүй долгионий урттай гэрлийг бид улаан гэрэл байна гэж харна. (Гэхдээ улаан эсийн хамгийн сайн мэдэрдэг өнгө нь час улаан өнгө биш, харин шаргалдуу өнгө.) Тэгээд улаан ногоон хоёр эсийн аль аль нь дунджаар сайн мэдэрдэг энэ 2 долгионы уртын голд нь байрладаг гэрлийг бид шар гэрэл байна гэж мэдрэх нь. Тэгэхээр шар гэрэл улаан ногоон 2 эсийг 2-ууланг нь өдөөдөг байх нь. Тэгээд цэвэр ногоон болоод, цаашаагаа ногоон хөх эсүүдийг 2-ууланг нь сайн өдөөдөг өнгө, тэгээд цэвэр хөх өнгө гээд явна. (ихэнх тохиолдолд гурван эс гурвуулаа их бага хэмжээгээр өдөөгдөнө гэдгийг анхаар.) Тэгэхээр бид аль аль эсүүдийг хооронд нь харьцангуйгаар хэр зэрэг хүчтэй өдөөж байгаагаар нь өнгийг тодорхойлдог байна. Харин нийтэд нь хэр хүчтэй өдөөж байгаагаар нь гэрлийн тод бүдгийг тодорхойно. Байгаль дахь гэрэл хэзээ ч “яг нэг өнгийн” байдаггүй, бүх өнгүүд их бага хэмжээгээр холилдсон байдаг. Тэгэхээр бид энэ холилдсон юмнаас зөвхөн 3 эсийн алинийг хэр зэрэг цочроож байгаагаар л өнгийг “ялгана”. Улаанаас их урттай гэрлийг бид харж чадахгуй бөгөөд ийм гэрлийг хэт улаан туяа гэдэг (шөнийн дуранд ашигладаг). Нил ягаанаас богино урттай гэрлийг бид харж чадахгуй, түүнийг хэт ягаан туяа гэж нэрлэдэг.
-
Зураг. Өнгө мэдрэгч эсүүдийн гэрэл шингээлт долгионы уртаас хамаарах хамаарал
Лонхонцор эсийн төрлүүд:
S - Хөх (хөх өнгөнд хамгийн мэдрэмтгий)
M - Ногоон (хөхдүү ногоон өнгөнд хамгийн мэдрэмтгий)
L - Улаан (шардуу ногоон өнгөнд хамгийн мэдрэмтгий)